Монголын хэвлэл мэдээллийн салбарт шан татаад хагас зууныг үдэж байгаа “Монголын хөдөө” сониноор дамжуулан Танд мэндчилж байгаадаа баяртай байна.
Тус сонин өнгөрсөн 53 жилийн түүхэн хугацаанд хөдөө, орон нутгийн хөдөлмөрчдийг хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн юм. Хэдийгээр он цагийн ээдрээтэй үеүд олон байсан ч энэ сонины галыг унтраалгүй түүчээлэн уншигч танд хүргэх халуун сэтгэлтэй хүмүүсийн буянаар өнөөдөртэй золгосон билээ.
“Монголын хөдөө” сонины үе үеийн уран бүтээлчид өнгөрсөн энэ он жилүүдэд малчид, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, хөдөөгийн хөдөлмөрчдийг дэмжих, шинэ техник, технологи, арга зүйг олон нийтэд хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар ирсэн юм. Одоо ч тэр уламжлалыг хадгалахын зэрэгцээ улам чанаржуулан уншигч танд хүргэхийг хичээн ажиллаж буй билээ.
Өнөөдөр “Монголын хөдөө” сонин нийгэм, улс төр, хууль эрх зүй, бизнес, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл гэсэн нийтлэлийн бодлогын хүрээнд уншигчдад зориулагдаж 8 нүүртэйгээр 14 хоног тутамд хэвлэгдэн уншигчдын гар дээр очиж байна.
Хөдөө аж ахуйн салбарын ололт амжилт, шинэ соргог мэдээ мэдээлэл, эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилыг онцолсон сониныхоо шинэ дугаар бүрийнхээ хуудсаар дамжуулан та бүхэнтэй уулзахдаа бид баяртай байх болно.
Бидний ажлыг дэмжиж, хамтран ажиллаж буй Та бүхний ажилд амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
"Монголын хөдөө" сонины редакци
No comments:
Post a Comment